← Нэвтэрхий Толь

Тольдолт / Mirroring

Тольтойгоо хамт амьдрах нь

Та өөрийгөө Ихэр Дөлөөрөө дамжуулан таньж мэдэх боломжтой. Түүний зан чанар, сонголт, давуу тал, сул тал, хувь хүний үнэлэмж төлөвшлийг ажиглах нь заримдаа өөрийнхөө тухай урьд нь анзаараагүй зүйлсийг харах боломжийг олгодог. Учир нь та бол тэр, тэр бол та.

Харин хүн болгон ийнхүү толь руугаа харах дуртай байдаггүй.

Бид өөрсдийнхөө тухай тодорхой нэг төсөөлөлтэй явдаг. “Би ийм хүн”, “Би хэзээ ч тийм зүйл хийхгүй”, “Энэ асуудал надад лав байхгүй” гэж итгэж явсан зүйлсийг Ихэр Дөл тань тольдоод харуулчих үед үүнийг харах маш хэцүү байж болно. Заримдаа Ихэр Дөлдөө уурлаж, түүний зан чанарыг өөрчлөх гэж оролдох нь үнэндээ толинд харагдаж байгаа зүйлдээ дургүйцэж байгаатай холбоотой ч байж мэднэ.

Жишээлбэл, та өөрийгөө маш ажилсаг, хариуцлагатай хүн гэж боддог байхад Ихэр Дөл тань таны нүдээр бол ёстой нэг залхуу нөхөр байж болно. Тэр буйдан дээр хэвтээд юу ч хийхгүй байх тусам таны уур хүрч, “Би яагаад бүх юмыг хийж байхад чи ингэж чаддаг юм?” гэж бодогдоно. Гэтэл түүний залхуурал таны ажлын бүтээмжийг огт тольдоогүй байж болно. Харин та магадгүй өөрийн дотоод анагаалтаа хийхдээ залхуурдаг, эсвэл магадгүй өөрийгөө халамжлахдаа хойрго, эсвэл магадгүй бүр сэтгэл хөдлөлөө өөрөө зохицуулахын оронд бусдад даатгадаг байж мэднэ. Гаднаа та ажилсаг, тэр залхуу мэт боловч яг үнэндээ та хоёрын залхуурлын түвшин яг адил байна. Нэгнийх нь ажил дээр илэрдэг, нөгөөгийнх нь өөрийгөө зохицуулах тал дээр илэрдэг байх боломжтой.

Эдгээр зүйлсийг анагааж дууссаны дараа анхны тольдолт бүр гайхмаар тодорхой болох боломжтой. Өмнө нь “Энэ хүн бид хоёр ямар ч адилхан юм алга” гэж бодож байсан зүйлсийн цаадах сонголтуудыг хараад эхлэхэд тольдолт нь бүр нэг бүрчлэн, яг таг таарч байгааг анагаасныхаа дараа л нэг юм бүрэн ухаарч болно.

Өөр нэг тольдолтын жишээ гэвэл: та өөрийгөө муу хүн гэж боддог байхад Ихэр Дөл тань маш сайхан сэтгэлтэй, "үнэ цэнэтэй" гоё хүн байж болно. Жишээлбэл, Ихэр Дөл тань сайн боловсролтой, ажил мэргэжилдээ амжилттай, мөнгөө сайн олдог, хүмүүстэй зөв боловсон харьцдаг, хаана ч очсон “чанартай хүн” гэдэг нь шууд харагддаг нэгэн байж болно. Харин та өөрийгөө түүнтэй харьцуулаад “Би хэн ч биш дорд хүн” гэж боддог байж мэднэ.

Гэтэл яг үнэндээ та ч бас яг адил хэмжээний "чанар" ба "үнэ цэнийг" амьдралд бүтээчихсэн байж болно. Ердөө үүнийгээ өөрөө хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй эсвэл анзаарч байгаагүй. Бас бусад хүмүүс ч гэсэн, та яг өөрийн Ихэр Дөлийг хардаг шиг, таныг бас тийм л гоё мундаг хүн гэж хардаг байж мэднэ. Та зүгээр л өөрийнхөө амжилтыг “жинхэнэ амжилт” гэж хэзээ ч тооцож үзээгүй болохоор л өөрийгөө Ихэр Дөлөөсөө дор гэж харж явсан байж мэднэ.

Таны Ихэр Дөлөөсөө харж, биширдэг чанарууд бол таны өөрийн ч гэсэн чанарууд мөн юм.

*Жишээлбэл, Соно би өөрийгөө харилцааны чадваргүй, бүдүүлэг зожиг нэгэн гэж насан туршдаа итгэж амьдардаг байлаа. Гэтэл Ихэр Дөл маань хаана ч явсан хэнтэй ч найзлаж чаддаг, ярианы чадвар сайтай, нөхөрсөг, таатай, дулаан мэдрэмжийг өгдөг нэгэн байж таарав. Насан туршид минь хүмүүс надад "чамтай харьцахад гоё дулаахан" гэж хэлээд л байсан, харин тэр үгс миний нэг чихээр ороод нөгөө чихээр гардаг. Би зүгээр л итгэдэггүй байв. Санаанд багтдаггүй. Тэгээд Ихэр Дөлтэйгөө нийлж буюу өөрөөр бол өөрийн бодит толийг харж байж л "би нээрээ ч тийм зожиг хүн биш бололтой" гэж итгэж, хүмүүсийн дандаа л хэлдэг байсан магтаал нэг юм санаанд багтах болсон. Ийнхүү өөрийгөө өөрөөр харж, өөртөө арай уужирсан байгаа билээ.*

Ихэр Дөлийн тольдолт болгон муухай зүйлийг харуулдаггүй. Та өөрийгөө сул дорой, чадваргүй эсвэл хангалтгүй гэж боддог мөртлөө Ихэр Дөлөө гайхалтай, хүчирхэг, хайр татам хүн гэж хардаг бол тэр ч бас таны тухай нэг зүйлийг хэлж байгаа юм. Тольдолт танд харуулах бодит үнэн дандаа л таны бодож байгаагаас муу байх албагүй. Заримдаа бүр хамаагүй гоё байх боломжтой.

Ихэр Дөлтэйгээ хамт амьдрах гэдэг нь өөрийнхөө толийг өдөр болгон хажуудаа байлгаж байгаатай адил үзэгдэл юм. Толинд харагдаж буй зүйлд уурлаж, үүнийг хүчээр өөрчлөх гэж оролдох тусам харилцаа хэцүү болно. Харин түүний харуулж байгаа зүйлийг сонирхож, өөрийнхөө тухай суралцахад, өөрийгөө өөрийн хүссэнээр болгож хувиргахад ашиглаж эхлэх үед та өөрийн Төгс Тольтойгоо эвтэй сайхан харилцаатай болох боломжтой.

Тиймээс Ихэр Дөлийгөө өөрийн #1 Багш гэж хүлээн зөвшөөрөх нь өөрийн тольтойгоо амар амгалан амьдарч сурахад маш чухал хандлага юм.