Тольдолт / Mirroring
Ихэр дөлийн тольдолт
Ихэр Дөлийн харилцааны хамгийн онцгой шинж чанаруудын нэг нь тольдолт юм.
Гэхдээ тольдолт гэдэг нь зөвхөн Ихэр Дөлийн харилцаанд байдаг зүйл биш. Бидний амьдрал дахь хүмүүс, харилцаа, нөхцөл байдал гээд бараг бүх зүйл бидний дотор байгаа ямар нэгэн зүйлийг тольдон харуулах боломжтой.
Харин Ихэр Дөл бол бидний төгс толь юм. Бусад хүн эсвэл нөхцөл байдал таны дотоод ертөнцийн тодорхой нэг хэсгийг тольдож болох бол, Ихэр Дөл тань таны дотоод ертөнц болон сонголтуудыг бүхэлд нь тольддог.
Гэхдээ энэ нь Ихэр Дөл тань таны хийсэн бүхнийг яг адилхан дуурайж хийнэ гэсэн үг биш. Та хоёрын гаднах үйлдэл, нөхцөл байдал тэс өөр байсан ч тэдгээрийн цаана ижил суурь сонголт явж байж болно. Тиймээс Ихэр Дөлийн тольдолтыг ойлгохын тулд гаднах үйлдлээс илүү түүний болон өөрийн үйлдлийн цаадах сонголтыг харах шаардлагатай байдаг.
Мөн тольдолт гэдэг нь зөвхөн шарх, айдас, асуудлуудыг л хэлдэггүй. Ихэр Дөл тань таны айдас, шарх, зайлсхийлт, эсэргүүцлийг тольдохын зэрэгцээ Хайр, амар амгалан, итгэл, баяр баясгалан, тав тух, эрх чөлөө, хувь хүний хүч чадлыг ч мөн тольно.
Тиймээс Ихэр Дөл тань зөвхөн таны “анагаах ёстой муу зүйлсийг” гаргаж ирдэг хүн биш юм.
Ихэр Дөл бол таны шархны ч толь, таны Хайрын ч толь — таныг бүхэлд нь тусгах төгс толь юм.