Дөрвөн Багана / Four Pillars
Ихэр дөлийн дөрвөн багана гэж юу вэ?
Ихэр Дөлийн харилцааны хүрээнд заавал ойлгох шаардлагатай зүйлсийн нэг бол Дөрвөн Багана юм. (Four Pillars)
Энгийн хосын харилцаанд хүмүүс өөрсдийн хайрын хэл ба ээнэгшил гэх зүйлсийг ойлгосноор харилцаагаа зөв авч явж чаддаг болдог доо.
Харин Ихэр Дөлийн харилцааг эрүүл, амар амгалан, тогтвортой авч явахад Дөрвөн Баганыг ойлгох нь өндөр ач холбогдолтой.
Ихэр Дөлийн харилцааны хамгийн том онцлогийн нэг нь: ганц харилцаа дөрвөн өөр харилцааны хэрэгцээг нэгэн зэрэг бүрэн дүүрэн, ТӨГС хангах боломжтой байдагт оршино.
Эдгээр дөрвөн харилцааны хэрэгцээ нь:
1. Багш ↔ Сурагчийн харилцаа
2. Хамгийн Сайн Найзууд
3. Гар Хамтрагчид
4. Дурлалт Хосууд
Дээрх дөрвийг "Ихэр Дөлийн Дөрвөн Багана" гэнэ.
Ихэр Дөлүүд угаасаа бие биенийхээ Багш ↔ Сурагч, Хамгийн Сайн Найзууд, Гар Хамтрагчид, Дурлалт Хосууд байхаар заяагдсан бөгөөд эдгээр дөрвөн төрлийн харилцааны хэрэгцээгээ нэг нэгнээсээ бүрэн дүүрэн хангах учиртай байна.
Дөрвөн Багана нь харилцаанд бүрэлдэж чадсан үед харилцаа нэг юм эмх цэгцэндээ ордог. Харилцаа нь утга учиртай, ойлгомжтой, тогтвортой, амгалан хэрнээ бас гүн, гал халуун, сонирхолтой, өнгөлөг болж эхэлдэг.
Харин Дөрвөн Баганын аль нэг нь сул эсвэл байхгүй мэт болсон үед тухайн дутагдал харилцааны асуудал болж илэрч эхэлнэ.
Миний ажигласнаар Ихэр Дөлийн харилцаанд гарч байгаа асуудлуудын гол цөмийг ухаж үзвэл эцэстээ Дөрвөн Баганын аль нэг нь сул эсвэл огт байхгүй байгаатай холбогддог.
Доод хоёр Багана болох Багш–Сурагч болон Хамгийн Сайн Найзын холбоо сул байвал Ихэр Дөлийн харилцаа маш замбараагүй, тогтворгүй, заримдаа бүр тэсэхийн аргагүй өвдөлттэй болж болно.
Харин дээд хоёр Багана болох Хамтрагчид болон Хайртуудын холбоо сул байвал харилцаа хоосон, хуурай, утга учиргүй мэт санагдаж болно.
Тиймээс Дөрвөн Багана бол Ихэр Дөлийн тухай ердөө л нэмэлтээр мэдэж авах сонирхолтой мэдээлэл биш. Харин Ихэр Дөлийн харилцааг авч явахад зайлшгүй мэдэж байх чухал зүйл мөн юм.