Тольдолт / Mirroring
Ихэр дөлийн бус тольдолт
Тольдолт гэдэг нь зөвхөн Ихэр Дөлүүдийн хооронд явагддаг зүйл биш юм. Бусад хүмүүс, харилцаа болон амьдралын нөхцөл байдлууд ч бидний дотор байгаа сонголтыг тольдон харуулж болно.
Жишээлбэл, та болон таны дарга хоёулаа хариуцлагаас зайлсхийх энергийг дотроо тээж байвал үүнийгээ байнга бие биендээ тольдон харуулаад байж болно. Дарга тань өөрийн хийх ёстой ажлыг танд түлхэж байхад, та өөрийн хариуцсан ажлыг AI буюу хиймэл оюун ухаанаар хийлгэж байж мэднэ. Гаднаа та хоёрын хийж байгаа үйлдэл өөр боловч, бие биендээ “хариуцлагаас зайлсхийх” ижил энергийг тольдон харуулж байна.
Эсрэгээрээ эерэг тольдолт ч мөн адил явагдаж болно. Та ажлаа чин сэтгэлээсээ хийж, өөрийн үүрэг хариуцлагаа сайн биелүүлдэг нь тухайн ажлын газар ба дарга тань ч мөн өөрийн ажлыг хариуцлагатай хийж, ажлаа үнэлдэг энергийнх нь тольдолт байх боломжтой. Энэ тохиолдолд та хоёр хариуцлага, хөдөлмөрөө хүндлэх эерэг цэнэгийг өөр өөрийн байр сууриас бие биендээ тольдон харуулж байна гэсэн үг юм.
Гэхдээ Ихэр Дөл БИШ хүмүүсийн хувьд нэгнийх нь тээх энерги нөгөөгийнхөө сонголттой уягдаагүй байдаг. Та өөрийн энергийг тольдуулж харчхаад, тухайн энергиэ буюу сонголтоо өөрчлөх үед нөгөө хүн заавал таныг дагаад тантай хамт өөрчлөгдөхгүй. Тэр хүн өмнөх сонголтоо ба хуучин энергиэ үргэлжлүүлэн хадгалсаар байж болно. Харин Ихэр Дөл бол тантай хамт өөрчлөгдөнө.
Ихэр Дөл БУС хүмүүс ийнхүү дотоод сонголт, энергиэ өөрчлөх үед тольдож байсан энерги нь үгүй болоход тухайн харилцааны хэлбэр ч өөрчлөгдөх, зарим тохиолдолд харилцаа дуусах боломжтой.
Мөн зөвхөн хүмүүс биднийг тольдохгүй. Амьдралын үйл явдал, шинэ боломж, саад бэрхшээл, зөв үед аятайхан такси олдох гэх мэт бүхий л нөхцөл байдлууд ч бидний дотор байгаа зүйлийг тольдон харуулж өгөх боломжтой.
Ихэр Дөлийн бус тольдолт яг хэнээр, хэзээ, ямар байдлаар гарч ирэхийг юу зохицуулдгийг би одоогоор бүрэн мэднэ гэж худал хэлэхгүй. Мөн амьдралд тохиолдож буй бүх зүйл заавал толь мөн гэж хэлж чадахгүй. Тольдолт бус үеийн тохиолдлууд яагаад тохиодгийг би бүрэн ойлгоогүй байгаа. Бурхан сахиус оролцох үед тольдолтгүй явдал болоод байна уу — үүний бүрэн хариултыг магадгүй бид дараагийн 100 жилдээ ч олж мэдэхгүй байж мэднэ.
Гэхдээ ямар ч байсан энэ постоор хэлэх гэсэн санаа маань бол: тольдолт гэдэг нь зөвхөн Ихэр Дөлд хамаарах үзэгдэл биш юм. Гэхдээ Ихэр Дөлийн харилцаанд тольдолт нь төгс илэрнэ.