Ихэр Дөл / Twin Flame
Ихэр дөл гэж юу вэ?
Ихэр дөл буюу англиар "Twin Flame" гэдэг нь хоорондоо учир начиртай, далдын холбоотой хоёр хүнийг хэлнэ. Энэ хоёр хүмүүс нь бие биетэйгээ төгс зохицох учиртай байдаг. Ихэр Дөлүүдийн тэрхүү гүн, далдын холбоос нь ЯГ юу вэ гэдгийг хэн ч одоогоор бүрэн дүүрэн мэдэхгүй. Энэ холбоос нь ямарчиг л байсан Дэлхийгээс цаашлаад олон ертөнц, амьдрал, хэмжээстүүдийг ч давж орших төгс ба бөхөшгүй хүчтэй холбоос байдаг.
Ихэр Дөлүүдийг "нэг сүнсний хоёр тал" эсвэл "адил ухамсартай хоёр өөр биет" гэх мэтээр тайлбарлах нь дутуу ба оновчтой бус юм. Гэхдээ энэ эгэл тайлбаруудын угтаа хэлэх гээд байдаг санаа бол нэг. Энэ нь "Ихэр Дөлүүд бол яг нэг биет мэт хоорондоо төгс зохицдогоос гадна тэдний ухамсар ба үйлдлүүдэд бидэнд үл харагдах боловч нэгэнтэйгээ баараггүй холбоотой байх цаад холбоос, учир начир байдаг хүмүүс юм".
Миний таамгаар бол одоогоор Дэлхий дээрх ухамсар "Ихэр Дөлүүд гэж яг юу вэ?" - гэдэг асуултад бүрэн цогц хариулт гаргаж ирэх түвшинд очоогүй байгаа. Гэхдээ бүрэн тайлбар нь байхгүй байлаа гээд энэ зүйл оршдоггүй гэсэн үг биш. Миний мэдэхээр маш олон бодит Ихэр Дөлүүд өмнө нь ч харилцаанд орж амьдрал бүтээсээр байсан, одоо ч тэд нийлж хамт амьдарсаар байна, ирээдүйд ч байсаар л байх болно. "Соно" миний бие би өөрөө Ихэр Дөлтэйгөө нийлж эхнэр нөхөр болсон байгаа. Миний аав ээж хоёр ба хамаатнууд, гэр бүлийн гишүүдээс, найз нөхөд дундаас ч бас бодит Ихэр Дөлүүд байна аа.
Ихэр Дөлүүдийн харилцааны тайлбар уялдаа нь Дэлхийгээс давсан учир битүүлэг, бараг л ид шидийн мэт байдаг хэрнэ, бодит оршихуй нь яг үнэндээ маш энгийн ба амархан байж болно. (Ихэр Дөлтэйгөө нийлж буй хүн бүр сүнслэг байдаггүй.)