Дөрвөн Багана / Four Pillars
3-р багана: Хамтрагчид
Дөрвөн Баганын гурав дахь нь Хамтрагчдын харилцаа юм. (Partners)
Ихэр Дөлүүд бол бас амьдралыг хамт бүтээх Төгс Гар Хамтрагчид юм.
Нэг гэрт амьдрах, мөнгө санхүүгээ зохицуулах, хоол хийх, гэр орноо авч явах, хүүхэд өсгөх, ажил бизнес эрхлэх, асуудал шийдэх, ирээдүйгээ бүтээх гээд бодит амьдрал дээр хийх шаардлагатай маш олон зүйл хүн бүрд бий.
Энэ бүхэнд Ихэр Дөлүүд нэг баг болж гар хамтран ажиллах боломжтой.
Харин төгс хамтрана гэдэг нь бүх ажлыг 50/50 хувь хувааж хийнэ гэсэн үг биш юм шүү. Ихэр Дөлийн харилцаанд байнга оноо тоолж, “би өчигдөр үүнийг хийсэн, одоо чиний ээлж”, “би чамаас илүү ихийг хийж байна”, “чи надад өртэй” гэж явах шаардлагагүй.
Учир нь дахиад л: Тэр бол та, та бол тэр.
Үүнийг хоёр гарын жишээгээр ойлгоход маш амархан.
Та нэг аяга ус авахад хоёр гар тань яг 50/50 ажиллах шаардлагагүй. Нэг гар аягаа барьж байхад нөгөө гар крантаа нээж болно. Нэг гар хүнд зүйл өргөж байхад нөгөө нь хаалга онгойлгож өгнө. Зарим үйлдэлд нэг гар бараг бүх ажлыг хийнэ.
Гэхдээ зүүн гар чинь баруун гартаа:
“Би сая 80%-ийг хийлээ. Чи 20% л хийсэн. Одоо надад өртэй.” гэж уурлахгүй. Яагаад гэвэл хоёр гар адил зорилгын төлөө ажиллаж байна.
Ихэр Дөлийн Хамтрагчийн харилцаа ч үүнтэй төстэй.
Нэг үед та илүү их мөнгө олж байж болно. Нөгөө үед Ихэр Дөл тань илүү их ажиллаж болно. Нэг нь гэр орноо илүү их авч явж байхад нөгөө нь бизнесээ босгож байж болно. Нэг нь өвдсөн үед нөгөө нь бараг бүх ачааг хэсэг хугацаанд үүрч ч болно.
Яаж ч байсан бай, хэн нь юуг ч хийж байсан бай ганц гол зүйл нь ердөө л та хоёрын энерги нийлээд амьдралын тань хэрэгтэй чиглэл рүү хөдөлгөж байна уу гэдэгт оршино.
Тиймээс тэгш харилцаа гэдэг нь заавал ижил хэмжээний ажил гэсэн үг биш.
Төгс хамтрагчид байх тал дээр хүмүүсийн бас нэг түгээмэл андуурдаг зүйл бол жендэрийн роль ба үүрэг.
Ихэр Дөлийн харилцаанд жендэрээр тогтоосон заавал дагах үүрэг байх шаардлагагүй. Эрэгтэй тал нь мөнгө, талх олж, эмэгтэй тал нь хоол хийнэ, оймс угаана гэдэг баригдмал роль Ихэр Дөлийн харилцаанд заавал хамаарахгүй. Хэн нь юуг хийхээ Ихэр Дөлүүд өөрсдөө л шийддэг.
Хэрвээ жендэрийн ролийг та хоёр үнэлдэг бол мэдээж ийм байж эр эм ролийн үүргийг дагаж болно. Гэхдээ “Төгс Хамтрагчид” байхын тулд заавал ийм байх шаардлагагүй. Харин ч Ихэр Дөлийн харилцаанд эмэгтэй талаа хайрлахын тулд эрэгтэй нь байнга хоол хийдэг болох жишээг би маш их харж байсан билээ. (Зөвхөн эмэгтэй нь л хоол хийдэг жишээг ч бас мэднэ л дээ)
Миний хувийн ажиглалтаар бол эмэгтэй нь ажил хийгээд, эрэгтэй нь эмэгтэйгээ дэмжих зорилгоор хоол хийж, хүүхэд харах үзэгдэл Ихэр Дөлийн харилцаанд бусад харилцаанаас илүү түгээмэл байгааг би анзаарсан. Гэхдээ бас эрэгтэй нь маш их мөнгө олж, эмэгтэй нь гэртээ суудаг, хөөрхөн харагддаг, салоноор их явдаг Ихэр Дөлийн хосууд ч байгааг анзаарсан. Эрэгтэй эмэгтэй хоёр нь хамтдаа ажиллаж, нэг нь Захирал, нөгөөх нь Менежер хийж буй жишээг ч бодитоор харсаан.
Карьер, Амьдралын Зорилгын хувьд ч мөн адил Ихэр Дөлүүд заавал нэг ажил, нэг мэргэжилтэй байх албагүй. Нэг нь зураач, нөгөө нь инженер байгаад хоёр өөр салбарт ажиллах мөртлөө нэгнийхээ ажилд шинэ санаа өгч байж болно. Эсвэл жүжигчин ба найруулагч шиг хоёр өөр боловч шууд хамтарч болдог мэргэжилтэй байж болно. Бүр хоёулаа дуучин буюу яг адил мэргэжилтэй ч байж болно. Эсвэл нэг нь бизнесээ эрхэлж байхад нөгөө нь гэр бүл, гэр орны амьдралыг авч явдаг байж ч болно.
Аль нь ч Ихэр Дөлийн “зөв” хэлбэр биш, бас аль нь ч “буруу” хэлбэр биш. Хос бүр өөр учраас тэдний хамтрах хэлбэр ч өөр өөр байна.
"Ихэр Дөлүүд заавал ингэж ажиллана" гэсэн зүйл байхгүй юм шүү. Хос бүрийн амьдралын зорилго ондоо, өгөгдөл ондоо, тийм учир хос бүр хоорондоо яаж хамтрах нь бусад хосуудаасаа ондоо байх болно.
Ихэр Дөлүүдийн гар хамтрах учраа олох тусам, олж нээх тусам, хэнд нь юу таарч юу болж байгааг олж учраа олох тусам "Хамтрагчид" гэдэг багана нь бэхжинэ.