← Нэвтэрхий Толь

Дөрвөн Багана / Four Pillars

2-р багана: Хамгийн сайн найзууд

Ихэр Дөлийн Дөрвөн Баганын хоёр дахь нь Хамгийн Сайн Найзуудын харилцаа юм. (Best Friends)

Хүмүүс хайр дурлалын харилцаа хүсдэг шигээ амьдралдаа “өөрийн хүн” гэж хэлж болох нэг Хамгийн Сайн Найзтай байхыг хүсдэг. Зүгээр нэг найз биш. Өөрийг нь яг байгаагаар нь ойлгодог, дэргэд нь дүр эсгэх шаардлагагүй, юу ч ярьсан ойлгодог, хамт төгс хөгжилдөж, нэгнээ инээлгэдэг тийм нэгэн хүн.

Миний ойлгож байгаагаар энэ хүсэл зүгээр л хүн бүрд байдаг эгэл хүсэл гэхээс илүүтэйгээр яг ийм “Хамгийн Сайн Найз” нээрээ оршдог учраас л хүн үүнийг хүсдэг.

Таны Ихэр Дөл бол таны Хамгийн Сайн Найз мөн юм.

Та хоёр “нэг биет” учир та хоёр л нэгнээ төгс ойлгоно. Юунд инээд хүрдэг, юунд эгдүүцдэг, юу нь хөгжилтэй, юу нь утгагүй санагддагийг та хоёр л хамгийн сайн мэднэ. Учир нь та бол тэр, тэр бол та. кк

Тиймээс Ихэр Дөлийнхөө хажууд өөрийнхөөрөө байхаас ичиж санаа зовох зүйлгүй.

Хамгийн Сайн Найзын Багана сайн бүрэлдсэн үед Ихэр Дөлийн харилцаанд хөгжилтэй байдал, баяр баясгалан, эрх чөлөө, хөнгөн байдал, тоглоом шоглоом маш ихээр орж ирдэг.

Тэгээд заавал ямар нэгэн онцгой юм хийж байж хөгжилдөх шаардлагагүй. Хамт дэлгүүр орох, хоол хийх, гэрээ цэвэрлэх, тоглоом тоглох, хаа нэг тийшээ явах, бүр юу ч хийхгүй хамт хэвтэх хүртэл хөгжилтэй байж болно.

Хамгийн Сайн Найзын Багана нь зөвхөн амьдралын хүнд үеийг хөнгөвчлөх бус, энгийн өдөр тутмын амьдралыг хүртэл илүү жаргалтай болгодог.

Амьдрал угаасаа дандаа амархан байдаггүй.

Ялангуяа хүн өөрийн Амьдралын Зорилго руугаа явж эхлэхэд бүтэлгүйтэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх, өөртөө эргэлзэх гэх мэт төрөл бүрийн сорилтууд гарч ирнэ. Хүн Дэлхий дээр зүгээр л сууж байгаад явах гэж мэндэлдэггүй, сонгосон сорилтоо давах гэж л ирдэг.

Энэ бүхнийг ганцаараа туулна гэдэг нэг хэрэг. Харин өөрийн Хамгийн Сайн Найзтайгаа хамт туулна гэдэг шал өөр.

Таны амьдралын хүнд үеийг алга болгож өгөхгүй байсан ч хажууд тань инээлгэж, сонсож, ойлгож, хамт тэнэгтэж чаддаг нэг хүн байхад боломжгүй мэт санагдах сорилт хүртэл арай хөнгөн, даваад гарчихмаар санагдаж эхэлдэг.

Хамгийн Сайн Найзын Багана нь өмнөх Багш–Сурагчийн Баганатай ч маш чухал холбоотой.

Ихэр Дөл тань таны Төгс Толь, бас таны Багш учраас заримдаа таны харахыг хүсэхгүй байгаа зүйлийг яг нүүрэн дээр тань авчирч тавина. Заримдаа хэцүү хичээл ч заана.

Хэрэв энэ бүхний хажууд нөхөрлөл байхгүй бол Ихэр Дөл тань таны хамтрагч биш, байнга таныг өдөж хатгаад байдаг дайсан шиг санагдаж эхэлж болно.

Гэтэл таны Төгс Толь бол таны дайсан биш.

Тэр бас таны хамгийн их инээлддэг, хамт тэнэгтдэг, хэцүү үед хажууд тань суудаг Хамгийн Сайн Найз юм.

Түүнээс гадна Ихэр Дөлтэйгөө Хамгийн Сайн Найзын Баганаа бэхжүүлэх тусам Дурлалт Хосын Багана ч мөн илүү бэхжих боломжтой.

Хүмүүс заримдаа нөхөр эхнэр, найз залуу найз охин хоёр хэтэрхий найзархаг болчихвол хайр дурлал, бэлгийн харилцааны гал нь унтарна гэж айдаг.

Харин Ихэр Дөлийн харилцаанд нөхөрлөл ба романс нь заавал нэгнийгээ үгүй хийх шаардлагагүй. Эсрэгээрээ нэгнийгээ улам их ойлгож, хамтдаа эрх чөлөөтэй, аюулгүй, хөгжилтэй байх тусам илүү дотно болох орон зай ч нэмэгдэнэ.

Таны Ихэр Дөл бол зөвхөн таны хайртай хүн биш. Тэр бас амьдралыг хамт туулж, хамт инээж, хамт тэнэгтэж, бүх юмаа яримаар санагддаг таны Хамгийн Сайн Найз юм.