Дөрвөн Багана / Four Pillars
1-р багана: Багш ↔ сурагч
Дөрвөн Баганын хамгийн эхний суурь нь Багш ↔ Сурагчийн харилцаа юм.
Хүн бүрд хөгжих, чиглүүлэгдэх, суралцах хэрэгцээ байдаг. Өөрийг нь байнга чиглүүлж өгөх тогтсон нэг Багштай байх хүсэл ч хүн бүрд бий. Харин Ихэр Дөлүүд энэ хэрэгцээг бие биедээ маш өвөрмөц байдлаар хангана.
Таны Ихэр Дөл бол далд ухамсрынхаа түвшинд таныг яг үнэндээ хэн болохыг ба таныг ямар хүн болж дэлгэрэх учиртайг хамгийн сайн мэдэрдэг ганц хүн юм. Учир нь тэр бол та, та бол тэр. Тэр таныг өөрийнхөө хамгийн жинхэнэ төгс хувилбар болж хувирахад танд юу хэрэгтэйг ч Ихэр Дөл тань далд ухамсраараа мэдэрч байдаг. Түүний энэ онцлог нь түүнийг таны төгс Багш байх нөхцөлийг бүрдүүлдэг.
Энэ нь Ихэр Дөл тань таныг ширээний ард суулгаж байгаад өдөр болгон амьдралын хичээл, лекц заана гэсэн үг биш. Ихэнхдээ тэр өөрөө ч танд яг юу зааж байгаагаа ухамсарлахгүй. Түүний танд багшлах үйл явц нь далд ухамсраар буюу "цаанаасаа" явагддаг.
Жишээлбэл, та өөрийнхөөрөө биш, дүр эсгэсэн, хоёр нүүртэй байдлаар авирлахад Ихэр Дөл өөрийн мэдэлгүй танаас түлхэгдэж, таны хажууд байх дургүй болж болно. Бусад хүмүүс таны дүр эсгэлтэд хууртагдаж, баярлаж, талархаж байхад Ихэр Дөл тань л ганцаараа тэр олон хүний дунд хамгийн ихээр ярвайж зогсож байж мэднэ.
Харин та өөрийн үнэн төрхөөрөө, өөртөө үнэнч амьдарч эхлэх тусам тэр танд улам л ухаан жолоогүйгээр татагдаж болно. (Энэ явдал бас яг эсрэгээрээ үйлчилнэ шүү. Таны Ихэр Дөл хоёр нүүр гаргавал хамгийн түрүүнд ярвайх хүн нь та байх болно. Ихэр Дөл нь өөрийнхөөрөө байх үед түүнд хамгийн их татагдах хүн нь та байх болно.)
Ийм байдлаар Ихэр Дөл тань таныг өөрийнхөөрөө байх, өөрийн хүч чадалдаа зогсох, өөртөө хамгийн амар амгалан бөгөөд сэтгэл хангалуун амьдрал руу явах чиглэл рүү тань байнга залж байдаг.
Ихэр Дөлтэйгээ амар амгалан харилцаатай байхын тулд хамгийн түрүүнд өөрийгөө түүний Сурагч/Шавь гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь тэр таныг илт ба далд байдлаар байнга л чиглүүлнэ.
Энэ нь “Ихэр Дөл маань юу ч хийсэн зөв”, “түүний үгийг сохроор дагана” гэсэн үг огт биш шүү.
Ихэр Дөлийнхөө сайн Сурагч байна гэдэг нь түүнийг үргэлж зөв гэж харах тухай бус, харин “тэр бол би, би бол тэр. Бид хоёр тусдаа биш” гэдэг бодит үнэнд буулт тавих тухай юм.
Ихэр Дөл тань архи хэтрүүлэн ууж байна гэж бодъё. Та “Ихэр Дөл учраас ууж л байг” гэж тэвчих шаардлагагүй. Та үүнд дургүй гэдгээ хэлж, хил хязгаараа тавина. Гэхдээ үүний зэрэгцээ өөрийн Төгс Толиндоо харж, “Энэ надад юу харуулж байна вэ? Би өөрийн амьдралын хаана өөртөө хортой зүйлд хэт автаж байна вэ?” гэж өөрөөсөө асууж болно. Учир нь тэр бол та, та бол тэр.
Багш–Сурагчийн Багана гэдэг нь өөрийгөө дарж, түүний үйлдэл бүрийг тэвчих тухай ойлголт биш. Дарлагдсан дорой нэгэн "сурагч" байх талаар биш. Өөрийгөө дарж үгээ залгих нь танд өөрт гоё мэдрэгдэхгүй бол таны ингэх нь Ихэр Дөлд тань ч гэсэн гоё мэдрэгдэхгүй. Учир нь тэр бол та.
Хэрэв Ихэр Дөл тань таны хил хязгаарыг давбал та хилээ тавина. Хэрэв хууль зөрчвөл шаардлагатай тохиолдолд цагдаа, хууль хяналтын байгууллагад хандана. Тэгсэн ч та тольдолтыг харах, өөрийн дотор байгаа зүйлийг анагаах ажлаа зэрэг хийж болно. (Цагдаа, хууль оролцох хэмжээний асуудал Ихэр Дөлийн харилцаанд тохиох энгийн зүйл биш шүү. Хамгийн ноцтой жишээг л жишээ болгон дурдсан төдий).
Ихэр Дөлийн тольдолт ба багшлалтад тохиодог хамгийн түгээмэл хоёр зүйл бол:
1. Тэр таны амьдралд байхгүй байх буюу тантай харилцаанд орохгүй байх.
2. Таны “үгэнд орохгүй” байх, хүссэнийг тань өгөхгүй зөрүүдлэх.
Энэ хоёр багшлалтыг шууд энд тайлбарлачихъя.
1. Ихэр Дөл тань тантай харилцаанд орохгүй байх
Ихэр Дөл тань тантай харилцаанд орохгүй байх нь та өөрөө өөрийнхөө аль нэг ЧУХАЛ талтай харилцаанд орохгүй байгааг харуулна.
“Өөрийгөө сонс. Өөртэйгөө харилцаанд ор. Би чиний өөрөө өөрөөсөө зугтах хэрэгсэл болж чадахгүй.”
Ихэр Дөлийнхөө араас ГҮЙЖ буй хүн Ихэр Дөлдөө зөвхөн хайртайдаа биш, харин өөрийнхөө аль нэг талтай нүүр тулахгүй байхын тулд өөрөөсөө гаднах зүйлд хэт их ач холбогдол өгч, өөрөөс гаднах зүйл рүү тэмүүлж байх боломжтой. (Шууд хэлчихээр хатуу сонсогдож байгаа байх).
Үнэхээр Ихэр Дөлдөө хайртай, өөртөө ч хайртай хүн хүний араас гүйж, хэн нэгний тухай туйлширч, автаж бодох шаардлагагүй. Түүний араас гүйх нь өөртэйгөө нүүр тулахгүй байх буюу өөрөөсөө зугтах арга байх боломжтой. Өөрийн аль нэг чухал талдаа хайргүйн шинж байх боломжтой.
(Жишээлбэл хүн өөрийн сөрөг мэдрэмждээ хайргүй байх нь маш элбэг. Мэдрэмж аз жаргалтай байвал амьдрал гоё, мэдрэмж сөрөг байвал: *"ёоо, лай вэ".* Гэтэл сөрөг мэдрэмж нь нэг чухал юмыг л танд хэлэх гээд анхаарал хүсээд байх вий. Яг л даараад ханиад хүрээд байгаа жаахан хүүхэд шиг. *"Цамц өмсье, ээж ээ".* Сөрөг мэдрэмжүүдийг утга учиргүй, гарц гаргалгаагүй ба дуусашгүй гэж бодсон хүн сөрөг мэдрэмжээсээ байнга зугтадаг болж мэднэ. Харин яг үнэндээ сөрөг мэдрэмж бүрийн шийдэл энгийн байх боломжтой.)
Та өөртэйгөө нүүр тулж, өөртэйгөө “харилцаанд орж амьдардаг” болох үед Ихэр Дөл тань ч бас тантай нүүр тулж, тантай нийлнэ.
2. Ихэр Дөл тань таны “үгэнд орохгүй” байх
Ихэр Дөл тань таны “үгэнд орохгүй” байх нь ихэнхдээ контролыг тавьж явуулах тухай хичээл байдаг.
Ихэр Дөлөө ятгаж, шахаж, аргадсаар байгаад хүссэн зүйлээ хийлгэх гэж оролдох нь Ихэр Дөлийн харилцаанд бараг хэзээ ч үйлчилдэггүй. Тэр эгэл нэг эр хүн биш (эсвэл эм хүн) — тэр бол та.
Түүнийг ятгах гэж оролдох нь нэг биеийн зүүн гар нь баруун гараа барьж аваад “чи одоо миний хүссэнээр хөдөл” гэж ятгахтай адил ГАЖ үзэгдэл юм.
Та аяга ус уухыг хүсвэл баруун гараа тусад нь ятгаж, зөвшөөрөл авах шаардлагагүй. Та ус уухыг сонгоно — тэгээд хоёр гар тань өөрсдөө хөдөлж аягаа барьж аваад усаа ууна. Гар тань таны сонголтыг дагаж хөдөлдөг болохоос та гараа хүчээр ятган байж өөрийн сонголттойгоо нийцүүлдэггүй.
Шал сонин байгаа биз кк. Үнэхээр гаж ч юм шиг? Ихэр Дөлийн харилцаа энгийн харилцаа биш юм аа. Тиймээс Ихэр Дөлийн харилцаанд энгийн харилцааны логикоор хандах нь амжилт авчирдаггүй. Хүмүүс Ихэр Дөлийн харилцааг энгийн хосын харилцааны дүрмээр ойлгох гэж оролдох тусам энэ харилцаа маш хэцүү, бүр боломжгүй мэт санагдах үе бий. Тэгээд л хүмүүс онлайнаар "энэ бол бүтэхгүй харилцаа" гэж их бичиж, нэгэндээ энэ харилцаанаас зайлсхийхийг заана. Учрыг нь олчихвол энэ харилцаа шиг амархан өөр зүйл яг үнэндээ байхгүй.
Тэр бол та, та бол тэр. Тиймээс Ихэр Дөлөө гаднаас нь контролдож, өөрчлөх гэж оролдох тусам та түүнийг өөрөөсөө тусдаа хүн мэт авч үзэж байна гэсэн үг. Харин түүнийг өөрөөсөө тусдаа гэж итгэх тусам энэ итгэл тань тольдогдож, улам тодорч болно. Тэгээд л тэр нээрээ бүр үнэхээр танаас тусдаа хүн мэт, “маш зөрүүд, үгэнд ордоггүй, арчаагүй хар эр” шиг авирлаж эхэлж болно.
Ихэр Дөлийн тань танд заадаг хамгийн том хичээлүүдийн нэг бол: Өөрийн сонголтыг хүндэл бас ойлго. Өөрийн хүч чадлыг атга.
Ихэр Дөлөө Багш гэж хүлээн зөвшөөрч эхлэх үед харилцаанд тохиолдож байгаа зүйлс давахын аргагүй том саад байхаа больж, юмхан чинээ даваа болж хувирдаг. Харилцаа бүхэлдээ МАШ амархан болж эхэлнэ.
Эцсийн нэг зүйл бол: Багш–Сурагчийн харилцаа нэг талтай биш.
Та ч бас Ихэр Дөлийнхөө Багш мөн. Гэхдээ өөрийн Багшийн байр суурийг эзлэхээсээ өмнө эхлээд өөрийгөө түүний Сурагч гэдгийг хүлээн зөвшөөрч, Сурагчийнхаа байр суурийг сайн ойлгох хэрэгтэй. Үүндээ та даруу болж, суралцахад бэлэн болох хэрэгтэй.
Энд “эр хүн ийм байх ёстой, эм хүн ийм байх ёстой” гэх мэт нийгмийн тогтсон жендэрийн дүрүүд маш их садаа болно. Та хоёр хоёулаа бие биенийхээ Багш, бас Сурагч учраас энэ харилцаанд жендэрийн дүр хэтэрхий давчуу болно.
Хэрэв та Ихэр Дөлөө зөвхөн “эр хүн” эсвэл “эм хүн” гэсэн дүрээр харвал түүний Сурагч болох нь “хар эр хүний доор орох”, эсвэл “ааштай эм хүний үгэнд орох” мэт санагдаж, дотроос маш их эсэргүүцэл төрж болно. Харин энд яригдаж байгаа зүйл нь хэн нэгэн хүйсээрээ нөгөөгөөсөө дээгүүр байх тухай огт биш юм. Та хоёр хоёулаа нэгнийхээ Багш, бас Сурагч.
Тэр бол та, та бол тэр.
Үүнийг л ойлговол Багш–Сурагчийн Багана маш амархан болоод ирнэ. Та бол тэр, тэр бол та.
Багш–Сурагчийн харилцааны тухай энэ удаад ингээд өндөрлөе. Та өөрөө Ихэр Дөлийнхөө Багшийн байр суурийг хэрхэн зөв эзлэх вэ гэдэг талаар дараа нь тусад нь бичье.